Амьдархын тулд идэх үү?  

Posted by ...

Амьдархын тулд идэх үү?
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр Рибүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ. Ингээд үр дүнг харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж, хайр энэрэлийн (эхийн хайр шиг) мэдрэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүүсийнхээс хэд дахин илүү, харин Мингүр Ринбүүчийнх тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхшруултал маш өндөр үзүүлэлт гарчээ. Тархины үйл ажиллагааны ийм өндөр эерэг үзүүлэлтийг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй нь тархи судлалд яах аргагүй онцгой үйл явдал болов. Хамгийн сонирхолтой нь хайр нигүүлсэлийн тухай бодохоо болингуут энгийн хүмүүсийн гамма долгион шууд буурсан бол лам нарынх өндөр түвшингээ удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа.
Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь хүний тархийг өөрчилж, тархины зүүн буюу аз жаргал, амгалан тайван мэдрэмжийг төрүүлдэг хэсгийг хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжсөн тархи нь гадны нөхцөл байдлаас үл хамааран нигүүлсэнгүй, амгалан мэдрэмжээ удаан хадгалж чаддаг нь шинжлэх ухааны тусламжтайгаар нотолж чадлаа.

This entry was posted on Sunday, December 20, 2009 at 2:39 PM . You can follow any responses to this entry through the comments feed .

0 comments

Post a Comment